Та энд байна:

Хятад улс нүүрсний компаниудаа нэгтгэж томруулна  

Хятад нь 2020 он гэхэд олон улсад өрсөлдөх чадвартай нүүрсний томоохон олборлогч компаниудыг байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэнээр, 2020 онд тус бүр жилд 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий мега компаниуд байгуулан нүүрсний салбараа шинэчлэх зорилт дэвшүүлжээ.  
    
Өнгөрөгч оны байдлаар Хятадад жилд нийт 3.41 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадалтай 4000 гаруй уурхай тоологдсоныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдэгдэлд онцолсон байна. Гэтэл тэдгээрээс ердөө зургаан компани нь тус бүр жилд 100 сая гаруй тонн нүүрс олборлох хүчин чадалтайг Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн статистик үзүүлэлт тодорхойлжээ. Тэрхүү зургаан компанид “Shenhua”, “China Coal Energy” болон “Datong Coal Mine” зэрэг нүүрсний томоохон үйлдвэрлэгчид багтаж байгаа юм.

Нүүрсний салбар дахь бага хүчин чадалтай олон тооны компаниудыг цөөлж ган, төмөрлөгийн болоод химийн үйлдвэрлэгч компаниудтай нэгтгэх зорилт нь Хятадын нүүрсний салбарыг илүү өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, компаниудыг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өнөөдөр тус улсад тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй гэж Хятадын эрх баригчид үзэж байна.

Энэ зорилт хэрэгжиж эхэлсний нэг тод жишээ бол 2017 онд эрчим хүчний төрийн өмчит "China Guodian" болоод "Shehua" группын нэгдсэн явдал юм. 
 
Тус улсын “13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөө ёсоор 2020 он гэхэд жилд 3.9 тэрбум тонн нүүрс олборлох зорилттой.

Эх сурвалж: Mongolian Mining Journal