Та энд байна:

"Facebook" сурталчилгааны зардал өдөрт дунджаар 15-55 ам.доллар байдаг  

Үндэсний дата төвийн судалгаагаар Монголд "Facebook" идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1.7 сая болж өсөөд байна. Үүнтэй зэрэгцэн компаниуд маркетингийн үйл ажиллагаандаа "Facebook"-ийг ашиглах хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. "Facebook" хэрэглэгчдийн 70 хувь нь 18-34 насныхан байгаа юм. Мөн нийт хэрэглэгчдийн 53 хувь нь эмэгтэй, 47 хувь нь эрчүүд байна. "Facebook" сурталчилгааны төрлүүдээс бэлэн хувцас, гоо сайхны барааны сурталчилгаа нийт сурталчилгааны 60 хувийг бүрдүүлж байна. Дотоодод "Facebook"-ээр дамжуулан бараа, бүтээгдэхүүн борлуулагчдын тоо сүүлийн нэг жилд 25 хувиар өсөж 850 болжээ. Эдгээр бизнесийн сурталчилгааны зардал өдөрт дунджаар 15-55 ам.долларын хооронд хэлбэлздэг. Тухайлбал Монголын гоо сайхан, салоны чиглэлийн "Facebook" хуудсуудын нийт сурталчилгааны төлбөр өдөрт дунджаар 700-850 ам.доллар байдаг талаар "Facebook"-ийн улс орноор ангилсан сурталчилгааны тайланд дурджээ. Үүний дараа хоол хүргэлт болон ресторануудын сурталчилгаа багтаж байна. Энэ салбарынхан өдөрт дунджаар 600-650 ам.доллар төлж байгаа юм. Харин хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн өдрийн дундаж зарцуулалт 5-10 ам.доллар байдаг талаар "Жигд хүнс" компани мэдээллээ. Тус компани жилд 1300 орчим ам.долларыг сошиал сурталчилгаанд зарцуулдаг байна.

Харин нислэгийн тасалбар худалдаалдаг "Airmarket" компанийн хувьд, өдөрт 10-15 ам.долларыг "Facebook" сурталчилгаанд зарцуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 1000 гаруй ам.доллараар цахим сурталчилгаагаа идэвхжүүлдэг байна. "Aviation Service Mongolia" компани долоо хоногт дунджаар 50 ам.доллар зарцуулдаг гэж мэдээлсэн. 50 ам.доллараар идэвхжүүлсэн сурталчилгаанаас 3000 ам.долларын орлого олдог байна.

Эх сурвалж: BloombergTV.mn