Та энд байна:

GOPRO: I улиралд 190-210 сая ам.долларын орлого олно 

АНУ-ын технологийн компани "Gopro"-ийн нэгдүгээр улирлын борлуулалтын төлөв шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Компанийн дүрс бичлэгийн камерийн эрэлт буурсан, шинэ дроны зах зээлд нийлүүлэх тов хойшилсон зэрэг нь үүнд нөлөөлжээ. "Gopro" 2017 оны нэгдүгээр улиралд 190-210 сая ам.долларын орлого олно гэж таамагласан байна. Харин шинжээчид "Gopro"-ийн орлого дунджаар 267 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Компанийн борлуулалт дөрөвдүгээр улиралд 24 хувиар өсөж, 540 сая ам.долларт хүрсэн ч энэ нь дунджаар 573 сая ам.доллар гэх шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Сүүлийн саруудад компанийн хувьд "хүнд үе" байсан гэж хэлж болно. "Karma" дронд цэнэг хураагуурын саатал үүссэний улмаас борлуулалтад гаргаад хоёр сар ч хүрэлгүй зах зээлээс эргүүлэн татсан. Нэг үгээр "Gopro"-ийн гүйцэтгэх захирал Ник Вудман "Karma" дрон болон шинэ "Hero5" камерийн тусламжтай компанийн орлогыг нэмэгдүүлж нэгж хувьцаанд ногдох ашгаа өсгөх зорилго тавьсан ч нөхцөл байдал эсрэгээрээ эргэсэн юм. Ингэснээр өнгөрсөн 11 дүгээр сард 2016 оны санхүүгийн жилийн борлуулалтын таамгаа бууруулсан.

Эх сурвалж: Bloombergtv.mn