Та энд байна:

Хувьцааны шилжүүлэг хийх зөвшөөрлийг  

Кайманы арлуудын дээд шүүх Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation"-д хувьцааны шилжүүлэг хийх зөвшөөрөл олголоо. Мөн компанийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргаагүй гэж "Mongolian Mining Corporation" мэдээлсэн байна.  Одоогоор тус компани өрийн бүтцээ шинэчлэх зорилгоор зээлдэгчидтэйгээ үргэлжлүүлэн хэлэлцээр хийж байна. Даваа гарагийн өглөөний байдлаар Хонгконгийн Хөрөнгийн биржид "Mongolian Mining Corporation"-ийн хувьцааны ханш өөрчлөлтгүй, 0.34 хонгконг доллар хэвээр байна. Сүүлийн нэг сарын хугацаанд дээрх компанийн хувьцааны ханш 178 орчим хувиар өссөн ажээ. Холбогдох хууль тогтоомжийн дагуу "Mongolian Mining Corporation"-ийн өрийн бүтцээ шинэчлэх явц амжилттай үргэлжилж байгаа тохиолдолд хөрөнгийг нь битүүмжлэхгүй байх, улмаар хувьцааны шилжүүлэг хийх эрхийг нь нээлттэй болгох алхмыг хийдэг аж.

Тус компани өрийн бүтцээ шинэчлэхдээ гурван хэсэг саналыг зээлдэгчдэдээ тавихаар төлөвлөжээ. Үүнд нүүрсний цаашдын ханшийн хэлбэлзэлтэй уялдсан хүү бүхий зургаан жилийн хугацаатай 420 сая ам.долларын бонд гаргах, тогтмол биш хүү бүхий 150 сая ам.долларын хугацаагүй бонд гаргах мөн 1.03 тэрбум ширхэг хувьцааг шинээр арилжаалах багтаж байна. Ялангуяа өрийн бүтцийг шинэчлэхдээ нүүрсний үнэтэй уялдуулж байгаа нь түүхий эдийн ханш унах үед "Mongolian Mining Corporation"-д ирэх дарамтыг сулруулна гэж "Lucror Analytics"-ийн шинжээчид дүгнэсэн юм. 2015 оны эцэс гэхэд компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 50.7 сая ам.доллар, харин зээлийн үлдэгдэл 795.2 сая ам.доллар болсон талаар "Mongolian Mining Corporation" санхүүгийн тайландаа дурджээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn