Та энд байна:

МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ B- БОЛГОЖ БУУРУУЛЛАА 

Эдийн засгийн сорилтыг давж дунд хугацаанд тогтворжуулах хэд, хэдэн шийдвэрийн дараа олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл "B" байсныг "B-" болгож буурууллаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын арилжааны банкуудын эрсдэлийн түвшинг өсгөөд байсан тус байгууллага урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ "Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбон тайлбарлаж байна. Урт хугацааны зээлжих зэрэглэлийг ийнхүү бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Гэхдээ өөрчлөх шаардлагатай эсэхийг судалж байгаа аж. Харин ирэх 12 сарын хугацаанд “Оюу Толгой”, “Тавантолгой” төслүүд урагшилбал зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой талаар дурдсан. Ерөнхийдөө олон улсын үнэлгээний байгууллагуудын “үнэлгээний улирал” эхлээд буй. Өмнөх онуудын хандлагыг харахад бусад агентлаг ойрын 1-2 долоо хоногт тус, тусын дүгнэлтээ танилцуулах төлөвтэй байна. Эрх баригч нам солигдож шинэ Засгийн газар байгуулагдан улмаар шинэ бодлого хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор өмнөх таамгууд нь урт болон богино хугацаанд өөрчлөгдөх магадлалтай байна.

Түүнчлэн 2016-2019 оны эдийн засгийн өсөлтийн дунджийг өмнөх таамаг болох дөрвөн хувиас бууруулж 3.2 хувьд хүргэсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал шинэ Засгийн газар төсвийн гадуурх зарцуулалтыг нэгдсэн төсөвтэй нэгтгэж эхэлсэн нь сайшаалтай хэдий ч нийгмийн халамж болон төсвийн бусад зарцуулалт богино хугацаанд буурах шалтгаан болно гэж үзсэн. Мөн экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт бага байгаа учраас эдийн засгийн өсөлтийг дэмжих хангалттай санхүүжилт байхгүй гэж дүгнэлээ. Үүнтэй холбоотойгоор 2016 оны эцэст төсвийн алдагдал бодит байдал дээр 21 хувь болно гэж үзэн тооцоогоо шинэчиллээ. Харин үүнээс өмнө төсвийн алдагдал 9.1 хувьд хүрнэ гэж үзэж байсан. Эдийн засгийн өсөлт энэ онд 1.3 хувь байна гэж төсөөлсөн нь өмнөх тооцооллоос хоёр дахин бага үзүүлэлт юм.

 Эх сурвалж: Bloombergtv.mn