Та энд байна:

Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 1-1.25 хувьд хэвээр үлдээлээ 

АНУ-ын Төв банк “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсанчлан бодлогын хүүгээ 1-1.25 хувьд хэвээр үлдээлээ. Хэдий тийм боловч ирэх 12 дугаар сард бодлогын хүүгээ өсгөж магадгүй байна. Холбооны Нөөцийн банк 2017 он гарсаар бодлогын хүүгээ хоёр ч удаа өсгөсөн юм. “Harvey”, “Irma”, “Maria” хар салхи АНУ-д их хэмжээний хор хохирол учруулаад байна. Хар салхинаас болж үүссэн саатлыг эргээд хэвийн нөхцөлд оруулах, гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг хийх зэрэг нь эдийн засагт богино хугацаанд нөлөөлөх боловч дунд хугацаанд нөлөөлөхгүй гэж бодлогын зөвлөл үзсэн байна. Учир нь үүнтэй төстэй өмнө гарч байсан тохиолдлууд үүнийг батална гэж тайлбарлажээ. Холбооны Нөөцийн банкны нээлттэй зах зээлийн хороо Вашингтон хотноо хоёр өдөр хуралдсан байна. Үүний дүнд бодлогын шийдвэрээс гадна 4.5 их наяд ам.долларын хөрөнгийн балансаа бууруулах бодлогоо ирэх сараас хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгджээ.

Энэ нь тус улсын эдийн засгийн чадавх сайжирсныг илтгэж байгаагаас гадна цааш цаашдаа зээлийн хүү өсөх төлөвтэй байгааг харуулж байгаа юм. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йелленээс албан тушаалдаа улиран сонгогдох хүсэлтэй буй эсэхийг асуухад тэрбээр хариулахаас татгалзсан байна. Холбооны Нөөцийн банкийг удирдах түүний дөрвөн жилийн бүрэн эрхт хугацаа нь ирэх оны хоёрдугаар сард дуусна. Жанет Йеллен хэдэн сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт бараалхаж уулзжээ. Энэхүү уулзалтын дараа Дональд Трамп Жанет Йелленийг сайшаасан мэдэгдэл хийж байсан юм.

Эх сурвалж: BloombergTV.mn