Та энд байна:

Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна 

Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь болж, 2014 оныхоос найман пунктээр өссөн талаар Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкны хамтарсан судалгаанд онцолжээ. Судалгаанаас харахад 907.5 мянган хүн ядууралд өртсөн бөгөөд өөрөөр хэлбэл ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг юм. Үүний шалтгааныг эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, 2015, 2016 онд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Мөн барилгын салбар хумигдсан, 2016 онд энэ салбарт ажиллагчдын тоо 16.7 мянган хүнээр буурсан зэрэг нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн гэж Дэлхийн банк дүгнэжээ. Мөн энэ удаад аймгуудын түвшинд судалгаа хийсэн байна. Хоттой харьцуулахад хөдөө, орон нутагт ядуурал илүү нэмэгдэж, 10.1 пунктээр өсжээ. 2016 онд нэг хүний сарын хэрэглээг хамгийн багадаа 146 мянга 145 төгрөг байхаар тооцож, ядуурлын шугамыг тогтоогоод байна. Хөдөө орон нутагт ядуурлын шугамын дөнгөж дээр нь байсан иргэд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, сарын хэрэглээ нь буурчээ.

Эх сурвалж: BloombergTV.mn