Та энд байна:

“DROPBOX”  IPO  ГАРГАНА 

“Dropbox” компани энэ оны эцэст анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Компанийн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд “Snapchat”-аас хойш АНУ-ын технологийн салбарт хийгдэж байгаа хамгийн том IPO-д тооцогдох юм. 2014 онд “Dropbox”-ийг хөрөнгө оруулагчид ойролцоогоор 10 тэрбум ам.доллараар үнэлж байсан юм. Хэдий тийм боловч энэ удаад тус компанийн зах зээлийн бодит үнэлгээ гарч ирнэ гэдэг утгаараа чухал алхам болж байна. 2015 оноос хойш технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй буурах болсноос салбарын компаниудад нэмэлт хөрөнгө оруулалт татахад бэрхшээлтэй болж иржээ. Тухайлбал, 2015 онд “Dropbox”-ийн өрсөлдөгч “Box” компани IPO гаргаж, 1.67 тэрбум ам.доллар босгож байсан аж. Энэ нь анх тооцоолж байсан 2.4 тэрбум ам.доллараас хамаагүй доогуур дүн болж байжээ.

“Konica Minolta” компани “Ambry Genetics"-ийг авч магадгүй

Японы “Konica Minolta” компани АНУ-ын эрүүл мэндийн “Ambry Genetics" компанийг 890 сая ам.доллараар худалдаж авч магадгүй талаар “Nikkei” агентлаг мэдээллээ. Талууд харилцан тохиролцсон тохиолдолд энэ нь “Konica Minolta”-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий хэлцэлд тооцогдоно. “Konica Minolta”-ийн принтерийн бизнес саарч, эрэлт буурах болсон учраас тус компанийн удирдлагууд бизнесээ төрөлжүүлэх чиглэлд, анхаарал хандуулж эхэлжээ.

"Westinghouse”-ийг худалдана

“Toshiba”-ийн эзэмшлийн “Westinghouse” цөмийн эрчим хүчний компанийг АНУ-ын Засгийн газар энэ ондоо багтаан худалдах товтой байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ нь “Westinghouse”-ийн тендерт Вашингтон хөндлөнгөөс оролцож байж магадгүй гэсэн таамаглалыг баталж байна. Цөмийн эрчим хүчний бизнес нь аливаа улсын стратегийн чухал салбарт тооцогддог. Тиймээс АНУ-ын Засгийн газар өрсөлдөгч БНХАУ, ОХУ-ын талд “Westinghouse”-ийг худалдахаас зайлсхийж байгаа юм. Өнгөрсөн гурав дугаарсард дампуурлаа зарласнаас хойш хэд хэдэн газар худалдан авах сонирхлоо “Westinghouse”-д илэрхийлсэн байна. Гэхдээ худалдах үйл явц долоодугаар сарын сүүлээр эхлэх хүлээлттэй байгаа юм.