{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
Р.Дарханбаяр: Сүүлийн нэг жилийн хугацаанд гар утас хэрэглэхээ больж, сошиалд зарцуулдаг байсан цагаа ирээдүйд сайн мэргэжилтэн болоход зарцуулж байна

Р.Дарханбаяр: Сүүлийн нэг жилийн хугацаанд гар утас хэрэглэхээ больж, сошиалд зарцуулдаг байсан цагаа ирээдүйд сайн мэргэжилтэн болоход зарцуулж байна


“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн “Судлаач оюутан” ментор хөтөлбөрийн оролцогч Р.Дарханбаяр

Мэргэжил: Санхүүгийн менежмент
Сургууль: МУИС, Эдийн засгийн сургууль, 4-р курс
Хэлэх дуртай үг: Do or do not, there is no try

 

Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан хүний нүдээр манай улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийг цаашид юу гэж харж байна вэ?

Ардчилсан нийгэмд шилжсэнээр Монголчуудын дийлэнх нь ганзагын наймаа эрхэлж, тодорхой орлогын эх үүсвэр, хуримтлалыг бий болгосон байдаг. Энэ үед арилжааны банкууд байгуулагдаж, төрөөс улсын өмчлөлийн 470 гаруй компаниудыг хувьчилж эхэлснээр одоогийн санхүү, хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүх эхэлсэн, ер нь бүгд нэг гараанаас эхэлсэн 1990 оны үеийн дүр зураг их сонирхолтой санагддаг. Хэдийгээр одоо санхүүгийн салбарын 90 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа нь хэтэрхий нэг салбарт төвлөрсөн мэт боловч сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын өсөлт хурдацтай байна. Миний бодлоор манай улсын санхүүгийн салбар “embryonic” буюу ид хурдацтай өсөлтийн үе дээрээ явж байгаа болов уу гэж боддог. Тун удахгүй хөрөнгийн зах зээлд хувьцаа зээлж, хувьцааны уналтаас ч ашиг хийх боломж, маржин арилжаагаар хөшүүрэгтэй арилжаа хийх боломж дотооддоо нээгдэх талаар яригдаж байгаа учраас цаашдын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэлээн өөдрөгөөр харж байгаа.

Ирээдүйд санхүүгийн чиглэлээр ямар нарийн мэргэжилтэн болох зорилго тээж байгаа вэ?

Манай МУИС-ийн сургалтын програм, ашигладаг номууд нь ихэвчлэн гадны номууд байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын сан, хедж сан, хөрөнгө оруулалтын банкуудын үйл ажиллагаа зэрэг сонирхолтой байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны талаар олон улсын туршлагаас суралцах боломж нээлттэй. Одоогоор дэлхийн санхүүгийн төв гэж нэрлэгддэг Уолл Стритэд очиж, Morgan Stanley ч юм уу, аль нэг томоохон хөрөнгө оруулалтын компанид аналист чиглэлээр ажиллана гэсэн зорилго тавьсан байгаа. Ийм том зорилго тавьчихсан хүн чинь хичээхгүй бол болохгүй. Тиймээс сүүлийн нэг жилийн хугацаанд гар утас хэрэглэхээ больж, сошиалд зарцуулдаг байсан цагаа ирээдүйд сайн мэргэжилтэн болоход дэм болох зуршлуудаар солихыг хичээж байгаа. (инээв)

Тун сонирхолтой шийдвэр гаргасан байна шүү. Covid-19 цар тахлын улмаас зуны амралт нилээн урт хугацаанд үргэлжилж байна. Амралтаа хэрхэн өнгөрөөж байна вэ?

Өвөл 1 сард олон улсын мэргэшсэн санхүүчдийн зэрэг болох CFA-ийн эхний түвшний номуудыг уншсан. Мөн 3 сард нэгэн үнэт цаасны компаниас зарласан “Судлаач, оюутны хөтөлбөр”-т хамрагдан, 3 сарын турш мэргэжлийн аналистуудын удирдлаган дор судалгаа шинжилгээ хийсэн нь онолын мэдлэгээ бататгах, статистик тоон мэдээлэл цуглуулах, эзэмших чадварыг маань хөгжүүлсэн. Мөн зарим үед онлайнаар буюу зайнаас ажилласан нь сонирхолтой, суралцах шинэ арга барилыг нээсэн туршлага болсон. Ер нь амралтаа нэлээн үр дүнтэй өнгөрүүллээ.

“Судлаач оюутан” хөтөлбөрт хамрагдах хугацаанд ямар судалгаан дээр ажилласан бэ?

Энэхүү хөтөлбөрт “Ти Ди Би Капитал ҮЦК”-ийн мэргэжлийн аналист, дилер, брокерууд чиглэл өгч, сургалт өгч, хамтарч ажилласан. Санхүүгийн чиглэлээр компанийн үнэлгээ хэрхэн хийх, суурь шинжилгээг хийх аргачлал, практик зах зээлд дилерүүд хэрхэн ажилладаг, брокерууд хэрхэн харилцагчтай харилцах ёстой зэрэг нийт 9 удаагийн сургалт орсон. Миний хувьд уул уурхайн секторын судалгаан дээр ажилласан. Үүнээс надад хамгийн тод үлдсэн зүйл гэвэл статистик, тоон баримттай ажиллаж, дата өгөгдөл дээр анализ хийж сурсан явдал. Жишээлбэл манай улсын нийт экспортын 40%-ийг нүүрс, 23%- ийг зэс, 5.5%-ийг алтны экспорт эзэлдэг юм байна. Тэгвэл эдийн засгийн хямрал, агшилтын үед энэ тоо хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ зэрэг судалгаа хийх шинэ аргачлал, өөр өнцгүүдийг олж авсан.

“Надад хамгийн тод үлдсэн зүйл гэвэл статистик, тоон баримттай ажиллаж, дата өгөгдөл дээр анализ хийж сурсан явдал”

Хэрвээ чиний ажиллах ирээдүйн санхүүгийн зах зээлд тань нэг тулгамдсан асуудлыг нь шийдэх эрх мэдэл, боломжийг нь өгвөл ямар асуудлыг шийдэх вэ?

Хууль эрх зүй, зохицуулалт талаасаа илүү уян хатан болгож шинэчлэх шаардлагатай санагдсан. Жишээ нь фьючерс, опцион гэх мэт хэрэгслүүдийг арилжаалах зохицуулалт, давхар бүртгэлтэй компаниудыг бүртгэлтэй аль ч биржээс нь худалдан авч, худалдах, бирж хооронд нь хөрвүүлэх боломжийг нээх гэх мэт хууль эрх зүйн дэмжлэг талаас нь ажиллах байсан.

Санхүүгийн чиглэлээр ажиллахаар оюутны ширээнд бэлтгэгдэж буй дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

Миний өөртөө үргэлж хэлдэг нэг үг бий. “Do or do not, there is no try”
Ямар ч бие даалт, шалгалт ирсэн хамгийн сайнаараа хий! Таван жилийн дараах ажлын байран дээр чи хэн байх нь өнөөдөр чиний хийж буй үйлдэл бүхнээр тодорхойлогдох тул аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, ажлыг дуусгадаг, заавал үр дүнг нь хардаг байгаарай гэж хэлмээр байна.

Сурлага болон ирээдүйн том зорилгод тань өндөр амжилтыг хүсэн ерөөе! Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2020.09.07 - 09.11

Хуваалцах
Бусад мэдээ