{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
"Судлаач оюутан" менторшип хөтөлбөр маш үр дүнтэй байлаа

"Судлаач оюутан" менторшип хөтөлбөр маш үр дүнтэй байлаа


Ж.Номин: “Судлаач оюутан” менторшип хөтөлбөр маш үр дүнтэй байлаа

“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-аас санхүү болон эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын дунд зарласан менторшип хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын сэтгэгдлээс Эрхэм уншигч танд хүргэж байна.

 Та “Судлаач оюутан” хөтөлбөрийн хугацаанд ямар судалгаа, шинжилгээн дээр түлхүү ажиллаж, ямар шинэ ур чадварыг эзэмшсэн бэ?

Сүүлийн 2 сар гаруй хугацаанд Монгол улсын даатгалын болон банк бус санхүүгийн байгууллагуудын судалгаан дээр ажилласан. Одоо үргэлжлүүлээд Ти Ди Би Капитал ҮЦК-д ажлын дадлага хийж байгаа. Энэ хугацаанд олон төрлийн датан дээр ажиллаж, түүнийгээ боловсруулж, анализ хийх чиглэлээр олон зүйл сурлаа. Цуглуулсан датагаа өөр өөр өнцгөөс харж шинжлэх гэж оролдож байсан маань сонирхолтой үр дүнд хүрсэн шүү.

Үр дүнгээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу?

Жишээлбэл зээлийн хүүгийн түвшин ойролцоо улс орнуудын датаг Монгол улс дах зээлийн жигнэсэн дундаж хүүтэй харьцуулахад манай улсын хүүгийн түвшин харьцангуй өндөр байгааг анзаарсан. Харин зээлийг хүүг бууруулах нь дан ганц банкны салбар, эсвэл төв банкны бодлогоос шалтгаалахаас илүүтэйгээр тухайн улс орны макро эдийн засгийн цогц бодлогоос бүрэн хамаарах ба гагцхүү бодлогын зөв хэрэгжилтээс шууд хамаарч зээлийн хүү буурах боломжтой зүй тогтлуудыг ойлгож авлаа.

Нэр томьёоны хувьд ихээхэн мэдээлэлтэй болсон. Жишээ нь банкууд харилцах, хадгаламжаар гол эх үүсвэрээ бүрдүүлдэг бол банк бус санхүүгийн байгууллагууд итгэлцлийн үйлчилгээгээр эх үүсвэрээ бүрдүүлж болдгийг, мөн эх үүсвэрийн маш олон төрлүүд байдгыг мэддэггүй байсан. Мөн менторынхоо удирдлаган дор жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн талаар судалгаа хийхэд сүүлийн нэг жилийн хугацаанд банкнаас жижиг дунд үйлдвэрлэлд олгосон зээлийн хэмжээ буурсан байхад эсрэгээрээ ББСБ-аас олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэн байсан. Энэ нь эрсдэлийн түвшин, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, олон факторуудаас хамааралтай байсан.

Сонирхолтой үр дүн байна шүү. Оюутан дүү нартаа хандаж, ямар зөвлөгөө өгөх вэ?

Онолын мэдлэгээ тэлэх нь чухал боловч цаашид энэ мэдлэгээ юун дээр ашиглах вэ гэдгээ үргэлж боддог байх хэрэгтэй. Миний хувьд энэхүү судлаач оюутны хөтөлбөрт хамрагдсанаар оюутан байх үлдсэн нэг жилдээ ямар чадвараа илүү хөгжүүлэх шаардлагатай, багш нараасаа юуг илүү асууж, суралцах вэ гэдгээ ойлгосон. Тиймээс санхүү, хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа оюутан найзууд болон дүү нартаа хандаж хэлэхэд, бага хэмжээний мөнгөөр үнэт цаасны арилжаанд оролцоод, ямар үед алддаг, ямар үед ашигтай ажиллаж болдог, ямар компанийн хувьцааны ханш өсөх вэ гэдэг дээр судалгаа хийж, практик туршлага хуримтлуулан, бие дааж шийдвэр гаргадаг байгаасай гэж хүсч байна.


Т.ЦОЛМОН: Иргэд маань санхүүгийн талаар мэдлэгтэй болж, хөрөнгийн зах зээлд илүү олон хөрөнгө оруулагч бий болоосой гэж хүсдэг.

 Таны хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдаад ямар ур чадвар нэмэгдсэн бэ?

Хамгийн анх оюутан болоод эдийн засгийн онолоор сурч эхэлж байх үедээ Монгол улс маань эдийн засгийн хувьд буруу бодлого бариад байгаа юм болов уу гэж их бодогддог байсан. Магадгүй янз бүрийн эх сурвалжууд дээр гарсан мэдээ, мэдээллийг шүүлтүүргүйгээр тусгаж авдаг байсан байх. Судлаач оюутны хөтөлбөрт хамрагдаад би макро эдийн засгийн орчны шинжилгээн дээр ажилласан. Энэхүү хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд миний бодол өөрчлөгдөж, харин ч манай улсын бодлого эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдсан, боломжийн сайн бодлого баримталж байгаа мэт санагдсан. Мөн эдийн засгийн ачааны дийлэнх хэсгийг нуруун дээрээ үүрч яваа томоохон компаниудын маань хувь нэмэр маш их юм байна гэсэн бодол яахын аргагүй төрсөн шүү /инээв/.

Covid-19-тэй холбоотойгоор төсвийн тодотгол хийх, төсвийн урсгал зардлаа танах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэг төсөвтэй холбоотой олон асуудлууд байгаа ч ерөнхий бодлогын чиг нь зөв явж байна гэж харсан. Миний хувьд аливаа мэдээллийг анхдагч эх сурвалжаас нь олж авах, ул суурьтай эргэцүүлж бодох, харьцуулах ур чадвар нэмэгдсэн гэж бодож байна.

 Цаашид эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд таны зүгээс ямар хувь нэмрийг оруулна гэж боддог вэ?

Макро эдийн засгийн орчны судалгаа хийж байхад хамгийн их анхаарал татсан зүйл бол ажилгүйдлийн түвшин байсан. Ялангуяа 25-30 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 10 орчим хувь байсан. Ид сурч боловсрох, ажиллаж туршлага хуримтлуулах насан дээрээ яваа 10 залуу тутмын 1 нь ажилгүй байна гэдэг хөгжиж байгаа манайх шиг улс орны хувьд дэндүү өндөр хувь санагдаад байгаа юм. Тэгэхээр ажилгүйдлийг бууруулах чиглэлээр өөрийн хувь нэмрийг оруулна гэж бодож байна. Бас удахгүй мэндлэх санхүүгийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэдэг, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг нэгэн сайтад орчуулагчаар ажиллаж байгаа. Одоогоор чанартай мэдээ мэдээллийг уншигчдад хүргэж байж л санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Залуу үедээ ч гэсэн дотоодын эх сурвалжаас гадна Bloomberg, Reuters, CNBC зэрэг дэлхий дахины мэдээллийг тогтмол уншиж байгаарай гэж уриалмаар байна. Тэгж байж иргэд нь санхүүгийн зах зээлийн мэдлэгтэй, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчид олон болно гэж боддог.


Б.Золзаяа: Хэн хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал ирдэг

 Сургуулиа төгсөөд цаашдаа ямар нарийн мэргэжлээр ажиллах бодолтой байгаа вэ?

Одоо төгсөх курс болоод энэ талаар их бодож байгаа. Ерөнхийдөө санхүүгийн чиглэлээр мэргэшиж болох “Investment banking” “Corporate finance” эсвэл аудитын чиглэлийг нэг нэгээр нь туршиж үзэж, туршлага хуримтлуулж байгаад өөртөө аль тохирох нэг мэргэжлийг нь сонгоно гэж бодож байгаа. Тийм ч учраас энэ удаагийн “Судлаач оюутан” хөтөлбөр зарлагдахад хамгийн түрүүнд бүртгүүлсэн.

Тэгвэл энэхүү хөтөлбөр таны мэргэжил сонголтод нөлөөлж чадсан уу? Ямар судалгаанууд дээр ажилласан бэ?

Мэдээж үр дүнтэй байсан. Анх барилгын салбарын судалгаан дээр ажилласан боловч хангалттай сайн дата, мэдээлэл олдохгүй байсан. Уг нь Монгол улсад үл хөдлөх хөрөнгийн салбарын үнийн өсөлт, бууралт моргэйжийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгааг харах зорилготой байсан юм. Миний хувьд хөрөнгө оруулалтын банкийг “Hollywood”-ийн кинон дээр гардаг шигээр төсөөлдөг байсан боловч Монголд хараахан энэ салбар хөгжөөгүй гэж боддог байлаа. Гэхдээ энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар арай өөрөөр харж эхэлсэн. Жишээлбэл “Ти Ди Би Капитал ҮЦК”-аас тун удахгүй зах зээлд гаргах “Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ” буюу “Investment advisory service” миний сонирхлыг ихээхэн татсан. Ер нь иргэдийн санхүүгийн боловсрол тал дээр болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох тал дээр анхаарч ажиллавал хөрөнгийн зах зээл Монголд эрчимтэй хөгжиж байгаа юм байна, яагаад энэ чиглэлээр нарийн мэргэшиж болохгүй гэж гэсэн бодолтой болсон шүү. Одоо 9 сарын дунд хүртэл аудитын PWC компанид үргэлжлүүлээд дадлага хийж байгаа.

Санхүүгийн чиглэлээр суралцах сонирхолтой, суралцаж буй олон мянган залуустаа хандаж, ямар зөвлөгөө өгч, юунд уриалахыг хүсдэг вэ?

Манай математикийн ангид “Хэн хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал ирнэ” гэдэг үг хадаастай байдаг. Миний ээжийн хэлсэн үг л дээ, үнэндээ манай ангийн математикийн багш маань миний ээж байгаа юм. (инээв)

Тэгэхээр оюутан залуустаа хандаж, маш их хөдөлмөрч байгаарай гэж хэлмээр байна. Мөн зөвхөн хичээлээ үзээд л яваад байвал үр дүн багатай, хэтэрхий урсгалаараа болох магадлалтай. Хичээлийн хажуугаар уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурлуудад сайн оролцох хэрэгтэй. Санхүүгийн чиглэлээр сурч байгаа бол “CFA Research Challange” тэмцээнд заавал орох хэрэгтэй. Ер нь хүн мэддэггүй зүйлээ мэдэх үедээ, огт байгаагүй зүйлийг өөрөө бүтээж, бий болгох явцдаа хамгийн их урам авч, олон зүйлийг сурч мэддэг гэж боддог. Тиймээс цаг үргэлж хөдөлмөрч байгаарай, тэгвэл танд аз жаргал ирнэ гэж хэлмээр байна.

Баярлалаа. Та бүхний хичээл сурлага, цаашдын ажил хөдөлмөрийн замналд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Баярлалаа, “Судлаач оюутан” хөтөлбөрийг санаачилсан “Ти Ди Би Капитал ҮЦК” болон биднийг удирдан чиглүүлсэн мэргэжилтнүүд болох брокер, дилер, шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөх нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

 “Ти Ди Би Капитал ҮЦК”-ийн сошиалд нэгдэж, мэдээлэлд илүү ойрхон байгаарай :)


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2020.09.07 - 09.11

Хуваалцах
Бусад мэдээ